2007-09-20
Нулимастай нүдэнд тороогоод үлддэг №2*
/нутгийн бараа..., үргэлжлэл-1/

.....тэрхүү сонин хачин жигтэй зүйлийг би хэсэг зуур зогсож ажиглаж байснаа, амьсгалах эцэсгүй шороо чулуу, нойтон шамарга ирэхээр нь гүйж очоод, хамт байсан ахын орхиод явсан цувыг задалж нөмрөв. энэ үед агаар хамрын нүхээр багтаж ядан чихэлдэж, амаараа амьсгалахаас өөр сонголт байхгүй байлаа. жижиг ширхэгтэй шороо чулуунууд тагнайн хойд хананд шажигнан цохиж, амаар дүүрэн элс шороо болон, уушги маань задарчих шахан байсан юм.

маш богино хугацаанд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр тэрхүү эрчилсэн хуйлралт хүчээ авч, би төд удалгүй ногоон өнгийн цувтай нэлмийсэн юм, ийш тийш шидэгдэж эхлэв. өөрийн мэдэлгүй агаарт хөөрөх үедээ газарт зөөлөн буучих юмсан гэсэн бодол төрнө.
анх удаа тийнхүү цув өмсөж байсан бөгөөд харахад их л хамгаалмаар хувцас атал, хайрч дааруулна, хоёр хөлийн завсар хормой нь тээглэж, дэрвэлзэж байгаад л намайг хийсгэж орхино.
би салхинд явчихгүйн тулд цуваа тайлаад хэд хэдэн чулуугаар дарж тавилаа. энгийнээр зүгээр зогсож байгаад амьсгалах бололцоогүй тул газар хэвтэж жижигхэн ургаа хадны ёроол хэсэгт салхинд цохиулахгүй байгаа агаарыг арай ядан сорно.
юунаас болсон оо санахгүй юм. учиргүй ганцаараа уйлсаар байж билээ...
салхи түр намжих шиг болох үед хоёр морио уулын бэлд нэлээн доошхон барьж чөдөрлөж орхиод, саахалт айлын ах маань эргээд над руу хандав... над дээр ирэх гээд ирж чадахгүй.. бас надтай адил хийсэж унаад, эгцхэн явж чадахгүй байгаа саахалт айлын ахыг би нэрээр нь хоолой мэдэн хашхирч дуудна. гуйвж явсаар над дээр ирсэн ахтайгаа хамт буцаад бид хоёр арайхийн мордон дээрээ хүрч очив.
хоёул тэврэлдэн чичирч, ямар нэгэн тасралтгүй хүнгэнэх бороо шороо холилдох салхинд, гар маань морины жолоо цулбуур атгаатай байгааг мэдэхгүй болтол оо даарч бээрч суусан юм.
гэтэл гэв гэнэтхэн салхи угалзан шуурга зогсож хэсэгхэн зуур цэлмэснээ өтгөн манан буув...
манан татахаас өмнө ах мөнөөх дэнж дээрх гэрүүд лүү дурандав. нэг хоёр гурав... гэж тоолж байсан аа, давхийтэл цочин босож ирээд.. манай гэр нурчих-аж гэж хоолой зангируулан хэлнэ.
бид хонь малаа орхиод уулнаас буусан юм. уулнаас буутал газар нэлээн баримжаатай байсан боловч,өтгөн мананд морины маань чих хүртэл надад харагдахтай үгүйтэй байснаас төөрөв өө... нойтон цас бударч буй мэт байх агаад ерөөс хамгийн холдоо л хоёр метр орчим газрыг л бид харж чадахаар байв.... ах маань дуугаа хурааж, хүүхэд маань эхнэр маань яасан бол гэж, бүхнийг мэдэж байгаа мэт надаас хэд хэдэн удаа давтаж асууснаа, ахин юм хэлсэнгүй. би ч хариулт бодож олж чадсангүй. харин танай хүү төрөөд хэн сар болж байгаа билээ гэсэн асуулт маань бүр ч сэтгэлийг нь зовоочих юм боллоо...
машины дуу сонсогдов. байлдааны Урал ч билүү 31 ч билүү нэртэй машины тэвшин дээрээс хүмүүс гадарт түс түс хийтэл үсрэн буух чимээ гарсан аа. өө хонийг нь оллоо, өөрөө байдаггүй, хонин дээр Отгонбаярыг үлдээчхээд ирлээ гэж дуулдав. одоо яадаг билээ, хаана яваа бол гэсэн дуу, хөгшин эхийн маань хоолой мөн бөгөөд, тэрхүү хоолой-ноос аргаа барсан цөхөрсөн, басхүү санаа зовсон сэтгэл мэдрэгдэнэ.
ашиггүй нэг үнс хог асгасан газартай таарч, газрын баримжаа авлаа.
анх хонинд яваад мал сүргээ орхиод ирсэн гэх ялд унахаас эмзэглэсэн сэтгэлд, өөр санаа зовох юм буухгүй атал, миний жижиг дүү хийсээд алга болоогүй байгаа.. ээж хаана байнаа гэсэн бодол зурсхийнэ.
бид гэртээ ирэв.
хотоор нил ааруул, цагаан идээ цацагдаж бууц хөц бүхэлдээ цагаан алаг эрээн болчхож.. ганцхан айл гэр нь, бүх дээвэр туурга нь үүдэн хэсэгтэй овоорч мажийсан харагдах бөгөөд бусад гэрүүд нуржээ...
айлуудын жаазан дахь зургууд энд тэндгүй хийсэж...мөн олон арван хонио ноосолсон атал ганц ч уртын ноос шуудайлж, төнхүүнд чихээгүйгээс манайхан юу юу ч үгүй зөвхөн амиа л авч гарцгаасан байна.
хааш яаш болсон гэрт хүмүүс намайг шоолж инээлдэнэ. их эрээ, ингээд хүрээд ирдэг... энэ хоовон хөхийг хардаа.. гэцгээнэ. бүгд намайг амьд байгаад баясацгааж зөвхөн байсхийгээд л инээлдэхээс өөр аргаа эс олж ядан, догдолсон сэтгэл-үүд нь дарагдаж эс чадна.
тийм их сүйрлийн гэрч болсон гэхэд би итгэж ядан юу болсныг нэг нэгэнгүй яриуллаа...
хойд илүү гэрийн,... ванаг өвөөгийнх энэ гэр дээгүүр нисээд тэнд очиж унасан. хана хаалга тоон нь завд явсаан гээд л хүн бүр намайг хүн гэж тоож, яриа өдсөн тэр өдөр, миний анхны хонины хишиг өдөр маань байсан юм.
уулсын орой үүлс мананд умбаж, тэрхүү өтгөн мананд би газар хэвтэж байгаад явах замаа харчихмаар санагдаад мориноосоо буутал, нэг тарвага бандганаж гүйж ирээд хөлд тулснаа буцаад гүйж одох хооронд дотор нэг сонин болж, жихүүдэс айдас төрсөн тухайгаа ярьж хавийн хүний инээдийг барлаа... гэрт идэх юм гэж алга.. саяхан чанасан цай хүртэл сүүгүй байгаа нь энд нэлээдгүй зүйл болжээ гэж л бодогдуулав. за тэгээд олон хүн аливаад, дандаа сүр оруулж бужигнадаг ч юм уу, эсвэл би бага балчир болохоор сайн ойлгож ухаараагүй юм уу. нээг их бахдал эс төрнө...
Алтайн салбар уулсын дунд аж төрөн суудаг байсан бага насны маань түүх сэтгэлд ээлж дараалан зураглагдана. тэрхүү он жилүүдийн, томоос том Боржигин чулуун, үхэр хаднууд дундуур дамжиж гүйсээр тоглож явсан замууд амьдралтай минь адил санагдаж, худгаас мөрөө эвэрштэл ус зөөдөг байсныг бодоход одоогийн хүүхдүүдээс ажилтай л байж гэж бодогдуулна.
Говь Алтайн Тонхил сумын нутаг мөн Ховдын Цэцэг Мөст сумын нутгийг бүхэлд нь ажиж болох өндөр уулсын оройд би, өглөө нар тусах анхны оргилууд дээр, байгаль эхийнхээ тийнхүү сүлэлдэн буй уул тал нуур булаг шандных нь цэнхэртэх уулс, шаргалтах тал, ямар учраас гэдгийг нь үл мэдэх бусдаас содон улаан хад чулуутай улсын бэлд юунд ч эс торох ширүүн салхинд хацар нүүрийг илбүүлсээр, нимгэн цамцыг дэрвүүлсээр хяруу буусан намрын сэрүүхэн өглөөг угтахдаа.. маргааш би буцна, нутаг минь..9 сарын нэгэн боллоо доо гэж хэлээд гуньхардаг байжээ...газар орон минь чи намайг өөр шигээ уужуу болгож, үргэлж уяатайг минь санагдуулна.
Бичсэн: g84 | цаг: 07:25 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


bi sum nutagiinhaa heden photo olson baigaa (hvneer zahij awch irvvlsen ym) udahgvi tailbariin hamt oruulna tegeheer saihan setgel dogdoluulan vzeeree, hvnii setgeld yamar negen ym oirhon tusah shig saihan ym vgvi
Бичсэн: g84 цаг: 09:00, 2007-12-24 | Холбоос | |


Нутаг усны минь хүн явж байх юм аа. Ямар дотно санагдаж байна гээч. Би чинь одоо Бугат нутгийн уугуул, хүн шүү дээ. Гарал үүсэл Бугат, Тонхил гэж байгаа... Сутай, Алаг хайрхан, Биж, Тамч, Бүс хайрхан, Дарвийн нуруу, ШАргийн говь, Тахийн тал, Төгрөгийн хоолой гээд л.... Сайхааан сайхан...
Бичсэн: tagtaa цаг: 03:12, 2007-12-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ёстой хөгжилтэй сайхан дурсамж байна. Би ч бас хөдөө говьд Алтайн салбар уулсын бэлд өссөн, мал хариулж хонинд яваад л, тэр үед хөгжилтэй зүйл их болдог байж билээ. Өдөр хонио саах цаг болоод би гол дээр байсан хонио тууж ирэх гээд явсан чинь олдоггүй, нэлээд хол хэдэн хонины сүүлч уул даваад явчихаж байгаа харагданааа. Гэртээ буцаж ирээд аав ээжид хонь олдохгүй байна гэж хэлчихээд би мориор, аав, ээж мотоциклоор эрэлд гарлаа.Олдоггүй, гэртээ буцаад ирсэн манай эгч, дүү нар инээлдээд хонио саачихсан сууж байна. Яасан гэтэл би голын дэрсний тохойд хургасан хонио харалгүй өнгөрч яваад, цаана харагдсан хонь гээд байсан нь зэрэглээ байж билээ. Цааш нь бичээрэй за сонирхолтой байна.
Бичсэн: shine цаг: 09:46, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 621 удаа уншигдсан.







:-)
 
xaax